Tuesday, June 7, 2011

Дэлхий ба Глобалчлал

Анги : S35

Оюутан : Б.Чингэрэл
2010/09/09

Даяарчлал гэдэг бол дэлхийн улс орнуудын эдийн засаг, нийгэм соёл нь харилцаа холбоо, тээвэрлэлт, худалдааны нэгдсэн сүлжээний тусламжтайгаар нэгдэх үйл явцыг хэлнэ гэж wikipedia дээр тодорхойлжээ.
Энэхүү үйл явцын тусламжтайгаар маш олон давуу талууд бий болсон ч гэлээ бас сул талууд цөөнгүй бий. Даяарчлалын сүүдэртэй тал нь анх 1989 оны Германы хана нураасан үеэс ил гарч эхэлсэн гэж Оксфордын их сургуулийн захирал, Хонг-Конг арлын захирагчийн үүрэгт ажлыг хийж байсан Крис Паттен хэмээх профессор Нью-Делид уншсан "Даяарчлал дайсан уу нөхөр үү" сэдэвт илтгэлдээ хэлсэн байдаг. Дэлхийн хүн амын тоо 4 дахин өсч, үйлдвэрүүдийн тоо 40 дахин нэмэгдсэн. Хот суурин газрын хүн ам 13 дахин өссөнөөс болж усны хэрэглээ 9%, эрчим хүчний хэрэглээ 13 дахин нэмэгдсэн байна. Тоон үзүүлэлтийн эрс өөрчлөлт байсан хэдий ч зах зээл дээрх үндсэн тоглогчид Америк, Европ гэсэн хэвээрээ байсан. Америк улс цэрэгийн хүч, газар нутаг, эдийн засгийн хүчээрээ супер хүчийг эзэмшсэн хэвээр. Харин европ хоёрдох хүчирхэг тоглогч, хэзээ ч америк шиг супер хүчтэй тоглогч болж чадахгүй. Учир нь европ бол бие даасан тусгаар улсуудын нэгдэл. Өөрийн хүн амзүйн асуудалтай, дундаж наслалт уртасч, хүн амын дундаж нас хөгширч байгаа. Харин 3дагч тоглогчоор Энэтхэг болон Хятад улсууд хүч түрэн орж ирж байна. Ирэх зуунд энэ хоёр улс хүчтэй тоглогч болно. Харин үүнээс шалтгаалаад хөгжиж буй бусад орнуудын хувьд даяарчлалд итгэх итгэл буурна гэж тэр таамаглаж байна. Учир нь Энэтхэг Хятад улсууд эдийн засгийн хувьд хүчирхэгжих тусам хамгаалалтын горимд шилжиж бусад орнуудтай чөлөөт худалдаа хийх тал дээрээ зогсонги байдал руу шилжинэ гэж тэр үзэж байгаа юм.
Энэ нь цаад утгаараа өндөр хөгжилтэй орнууд бялууны хамгийн том, хамгийн амттай хэсгийг нь хүртэнэ гэдгийг харуулж байна. Хельсинкт төвтэй Эдийн засгийн хөгжлийн судалгааны дэлхийн хүрээлэнгийн 2006 оны судалгаагаар дэлхийн хүн амын хамгийн баян нэг хувь нь дэлхийн нийт баялгийн 40 хувийг эзэмшиж байдаг бол хамгийн ядуу болох дэлхийн бараг тэн хагас нь нийлээд нэгхэн хувийг л эзэмшдэг байна. Орлого болон баялаг хуваарилалтын энэхүү тэнцвэргүй байдал сүүлийн 20-25 жилд мэдэгдэхүйц нэмэгдэж байгаа.
Тухайн баян чинээлэг улс гүрнүүдийн доторх эд хөрөнгийн хуваарилалт ч мөн тэгш бус байдаг. Тэр их мөнгөний урсгал зөвхөн хэдхэн том корпорациудаар дамжин хэдхэн баячууд, тэдний өв залгамжлагчдын хэтэвч рүү урсдаг.
Хэдийгээр зарим судлаачид сул талуудыг ярьж, даяарчлалыг томоохон гүрнүүдийн энхийн байдлаар дэлхийг эзлэх арга гэж үзэж байгаа ч гэлээ даяарчлал хүн төрөлхтөнд маш олон давуу талуудыг авчирч өгсөн гэдэгтэй хэн ч маргалдахгүй биз. Тээвэрлэлт, харилцаа холбооны зардал багасч, хүн болон бараа бүтээгдэхүүн дэлхийн хаана ч очиход зардал, хугацаа алдахааргүй болсон. Энэ нь чөлөөт худалдааг дэмжиж бид дэлхийн аль ч улс оронд очсон кола ууж, бургер идэх боломжийг бий болгож өгсөн. Хүн бүр өөрийгөө дэлхийн иргэн гэдэг ойлголтыг авсан байгаа нь саяхан болж өнгөрсөн Хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээний үеэр мэдрэгдэж байсан.
Даяарчлал бидэнд эдийн засгийн хөгжил дэвшил, олон олон боломжуудыг нээж өгч, бүх улс орнууд нөөцийг зөв ашиглаж, зардлаа хэмнэснээр ажилгүйдэл буурч, дундаж орлого нэмэгдэн, хөгжиж буй орнуудын хувьд хүмүүсийн амьдралын түвшин нэмэгдэж байна. 1980-2000 оны хооронд л гэхэд өдрийн хүнсний зардал нь 1$ хүрдэггүй байсан иргэдийн тоо 1,5 тэрбумаас 1,1 тэрбум хүртэл буусан байдаг. Дэлхийн хүн амын тоо өсч байгаатай харьцуулах юм бол энэ хэмжээний орлоготой хүмүүсийн тоо 40%-20% буурсан гэж үздэг юм байна.